Урлах Клубын хүндэт гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргье!
Өөрийгөө хайрлаж хүндлэх энэхүү гайхамшигтай сэдвийн 3 дахь долоо хоногийг та бүхэн маань үнэхээр гайхалтай эхлүүлж байгаа гэж найдаж байна. Энэ долоо хоногийн хичээлээр би та бүхэнтэйгээ маш чухал зүйлсийг хуваалцах болно. Та хичээлээ сонор сэрэмжтэй, өөртөө хангалттай цаг гарган, сайтар бичиж тэмдэглэн үзээрэй гэж хүсч байна. Ингэж байгаа нь та өөрийгөө хайрлаж байгаагийн нэгэн чухал хэлбэр юм шүү.
Миний YouTube суваг болон цахим ертөнцөөр минь дамжуулан маш олон хүмүүс өөрийгөө яаж хайрлах вэ, өөрийгөө хайрлана гэж юу гэсэн үг юм бэ гэж асууж орж ирдэг. Мэдээж би тэр бүх хүмүүст энэ талаар ярилцаж хуваалцахыг хүсдэг ч, өөрийгөө хайрлана гэдэг нь 10 минутын бичлэг хийгээд эсвэл урт захидал бичээд ойлгуулчихдаг зүйл огт биш юм. Өөрийгөө хайрлах, өөрийгөө хүндлэх гэх эдгээр ухагдахуунууд бол хүний маш гүн рүү орж, чин үнэнтэй тулуулдаг чухал зүйлс юм. Энэ долоо хоног та өөрийгөө хамгаалах чухал хэрэгслүүд юу байж болох, өөрийн биеэ хэрхэн яаж ариун суврага мэт дээдэлж хүндлэх, өвдөлт шархаа яаж зөв аргаар анагааж болох, ирээдүйд яаж энэ бүх сурсан зүйлсээ эрүүл зөв аргаар хэрэгжүүлэх гэх мэт маш чухал сэдвүүдтэй танилцах болно.
Миний та бүхэндээ хандаж хэлмээр байгаа зүйл бол та хайрлагдах, хүндлэгдэх бүрэн ЭРХТЭЙ бөгөөд тэрхүү эрхийг зөвшөөрөх цорын эрх мэдэл бүхий хүн бол ТА ӨӨРӨӨ. Өөр хэн нэгнээс хайр хүндлэл хайхаас өмнө өөртөө эхлээд хангалттай өгөөрэй.
Хүндэтгэсэн,
Ариунзаяа
Урлах Клубын Үүсгэн Байгуулагч