Урлах Клубын хүндэт гишүүн танд шинэ долоо хоногийн мэндийг хүргье!
Сайн байцгаана уу гишүүдээ, та бүхэн маань өөрийгөө хайрлаж хүндлэх сэдэв дээр бүгд өөр өөрсдийн сонирхолтой ухаарал болон бодлуудыг тээн аялаллаа эхлүүлэн явж байгаа байх гэж найдаж байна.
Миний бие та бүхэндээ 2 дахь долоо хоногийн хичээлийг хүргээд өөрөө бас маш их зүйлийг бодлоо. Би та бүхэнд өмнөх захидал дээрээ хэлж байсан. Миний хувьд өөрийгөө хайрлаж сурах нь тийм амархан нэг долоо хоногийн дотор болоод өрнөөд дууссан зүйл биш юм аа гэж…тийм учраас та бүхэндээ дахин сануулж хэлэхийг хүслээ. Та хэрвээ бидний ярилцах зүйлсийг харайхан ойлгохгүй эсвэл яах учраа олохгүй байгаа бол энэ нь хэвийн үзэгдэл гэдгийг хэлмээр байна. Эхний сэдэв дээр та бүх зүйлийг дорвитой хийж гүйцэлдүүлэх ёстой байсан бол (жишээ нь: та зорилгоо тодорхойлж төлөвлөгөөгөө гаргах байсан) энэхүү сэдэв дээр та зүгээр л миний юу гэж хэлэхийг сайн сонсоод өөрөө өөрийгөө ойлгож, зүрхээ илэн, өөрийгөө уучлах чухал гэж хэлмээр байна. Нэг сонсоод авчихсан байхад та магадгүй одоо биш ч, хэзээ нэгэн цагт бэлэн болсон үедээ сэтгэл зүрхнийхээ гүнд ойлгох болно гэдэгт итгэлтэй байна. Тэр үеийн бодолд тань би цуг байж хань болохдоо маш их баяртай байх болно оо.
Хатуу хэцүү цаг үеүүд биднийг бүтээж байдаг. Аз жаргалтай амархан амьдралын хором мөчүүд сайхан ч биднийг өсгөж хурцлах үр өгөөжийн тал дээр ядмаг байдаг. Уналттай шантарсан амьдралын хамгийн хэцүү үеүүдэд та хамгийн хүчирхэг болох тэр орон зайд давхар нэвтэрч байдаг гэдгийг үргэлж санаж яваарай. Миний өгсөн чухал даалгавар болох өөрийн шархаа танин мэдэж илрүүлэн эдгээх гэдэг энэ дасгалыг та амьдралынхаа турш хийх ёстой. Шархаа танин илрүүлээд зогсолгүй нүүр тулж эдгээх урлагт бид суралцаж байгаа.
Танд хэцүү байгаа бол зүгээр ээ...би ойлгож байна. Сэтгэл санаагаар унаад уйлмаар бас хэн нэгэнд маш их гомдож бухимдаж байгаа бол зүгээр ээ би бас л ойлгож байна. Та санаа зоволтгүй уйлмаар байгаа бол уйлаад бүр илүү тэр хэцүү мэдрэмжийг мэдрэхийг хичээгээрэй. Өөр мэдрэх зүйл байхгүй болтол нь мэдрэх хэрэгтэй. Нулимс дахиж гарахгүй болтол нь уйлах хэрэгтэй. Өөрийгөө тэр бүх алдаж байсан зүйлдээ уучилж байгаагаа хэлээд дахиж уурлах зүйлгүй болтол нь уурлаад бухимдаад уйлаад авах хэрэгтэй.
Яагаад гэвэл тэр нь өөрөө ЭДГЭРЭЛТ байдаг юм.
Амжилт,
Ариунзаяа
Урлах Клубын Үүсгэн Байгуулагч