Урлах Клубын хүндэт гишүүн танд энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье!
Саяхан л би таньтай илүү дотно танилцаж туслалцаа дэмжлэг хэрэг болж буй хэсгүүдийг тань илүү ойлгох гээд ярилцаж байсан бол бид одоо энэхүү сараа үдэж дуусгахад цөөхөн хоног үлдсэн байна. Үдэж явуулна гээд тэгсэнээс нээрээ яг бодох юм бол бид хоног бүрийг элээсээр сар бүрийг үдэж явуулдаг ч зарим сарууд тийм ч сэтгэлд хоногшиж үлдээгүй байх тохиолдол цөөнгүй байдаг шүү тийм ээ? Найзаар бодох юм бол “нэг сар” хэмээх энэхүү цаг хугацааны хэмжүүр надад ямар санагддаг гээч? Вагоны буудал дээр вагоноо ирэхийг хүлээж байтал хажууд маань нэгэн хүн ирж суугаад хэсэг хугацааг өнгөрөөх зуур надтай маш дотно танилцан төд удалгүй түүний вагон ирэн явах тийм найз шиг санагддаг. Хэн хэнийхээ вагоныг хүлээх зуур хоорондоо сайхан ярилцаж цагийг өнгөрөөсөн нь үнэхээр сайхан байсан ч…бид 2 дахиж хэзээ ч уулзахгүй. Тэр хүн бид хоёрын амьдрал дахиж хэзээ ч огтлолцохгүй мэт тийм тохиолдол шиг санагддаг.
Тэр үед таны дотор ямар бодлууд төрөх вэ? Миний дотор лав… “Энэ хүн маш сонирхолтой хүн байсан…би санасандаа хүртэл түүнтэй ярилцаж түүнээс сурч мэдэж чадсан болов уу?” “Тэр хүн намайг яг ямар хүн болохыг, өөрийнхөө мөн чанар ба чин сэтгэлийг түүнд би ойлгуулж чадсан болов уу?” “Тэр хүний ертөнцийг би хангалттай мэдэж чадсан болов уу” “Бид 2 өөр юу ярьж, юу хийж бүтээх боломжтой байсан бол?” гэх мэт бодлууд эргэлдэнэ байх. Яагаад ч юм дахиж хэзээ ч уулзахгүй гэж бодохоор “санасандаа хүртэл, ханатал тэгсэн бол ингэсэн бол” гэх мэт бодлууд эргэлдэх юм шиг санагдаад байх юм.
Хүний амьдралын “нэг сар” гэдэг маань тодорхой хугацаанд таныг мэдчихээд дахиж хэзээ ч уулзах боломжгүйгээр үүрд явах ёстой тийм найз. Түүний байх хугацаа дууссан л бол тэр үүрд таниас одон явах ёстой. Тэр тань дээр хугацаатай ирдэг. Тэгэхдээ таньд зориулж болох бүх зүйлстэйгээ ирдэг. Таньд хэлж болох, ойлгуулж болох, таныг хөгжөөх, таныг баярлуулах бүхий л зүйлсээ цүнхэндээ хийчихсэн таныг вагоны буудал дээр олж очоод хажууд тань суудаг. Харин түүний явах цаг нь болсон бол тэр үүрд явна. Та тэр найзыгаа явахаас нь өмнө хэлмээр байсан бүх зүйлээ хэлж чадсан уу? Хамтдаа хиймээр байсан бүх зүйлсээ хийж чадсан уу? Түүнээс сонсож ойлгож суралцах боломжтой бүхий л зүйлсээ өөртөө шингээж чадсан уу? Цаг хугацаа гэдэг маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг бүх хүн л мэднэ. Тэгэхдээ хүн бүр цаг хугацаа ч цаг хугацаатай байдаг гэдгийг яг сайн ойлгодоггүй.
Time expires. Time’s value, too, has an expiry date.
Энэхүү сар таны хувьд бусад саруудаас өөр байсан шалтгаан нь та өөрөө өөр байлгах, үнэ цэнийг бүтээх шийдвэрийг гаргаж гартаа авсан юм. Өөрийнхөө амьдралыг утга учиртайгаар урлахад эрхэм та бэлэн болсон. Та өөрийн алтан гадас одоо олох яагаад чухал ба яаж хэрэгжүүлэх гэдэг 2 маш том зүйлсийг Урлах Клубын эхний сэдвээр олж авсан байх гэж найдаж байна. Ирэх сар бүрийг та зүгээр нэг элээж өнгөрөөх биш, утга учиртайгаар амьдралын нэгэн сайхан аялал болгож туулаарай. Сүүлд нь хэлэхэд та бүхэн Урлах Клубын гишүүн болсон л бол үүрд Урлах Клубын гишүүн юм шүү. Учир нь гэвэл та өөрийнхөө агуу амьдралыг урлаж байгаа юм шүү дээ.
Томоос том амжилт хүсье,
Ариунзаяа
Урлах Клубын Үүсгэн Байгуулагч